Sunday, March 6, 2011

Газрын татах хүчний тухай бодол


-Ач хүү өвөөгөөсөө асуух нь:
-         - Таний нүүрний арьс яагаад сулраад унжцан юм вэ?
Өвөө хариулах нь:
-          -Газрын татах хүчинд дийлдээд л тэр

Харуул уул


Хаан хүний харц шиг чимээгүй уул
Халил байцаас нь бүргэд жигүүрээ дэлгэхэд
Хадаг шиг цэнхэр тэнгэртээ л халин дүүл гэж өндөлзөх

Төрөөгүй үрс бүрийн төлөө...


            Бид алуурчид, хуулийн өмнө ял эдлээгүй алуурчид. Гэмт хэрэгтэн биш гэмт этгээдүүд. Хэн нэгний нүдэн дээр нь нүгэл үйлдээгүй нүгэлтэн. Бид хорвоод мэндлээд ...20, 30, 40-н жилийг ардаа орхин хүн хэмээх ариун нэрийг зүүж хорвоогийн

Зураглал


Далай мэт зэрэглээнд зээр уусаад далдрах
Давхиж буй хулан гэнэтхэн зогсоод газар цавчилах
Далд жалганд хулгана дуугарахад үнэг босож шогших

***


Исгэрэх салхи энэлэн үлдээж
Эгшин хором бүрээс хайр амтагдавч
Эс амтлах хэлгүй шөнө минь

***

Нүцгэн цээжин дээр уруул бүжих
Нүгэл шиг чимээгүй шөнийн гал шиг бадрах хүсэл дунд
Нэгэн бүсгүй зурсан шүдэнз шиг тодроод бүдэгрэхэд

Monday, February 7, 2011

***

Өчигдөрхөн л уруулыг минь өмчилж байсан бүсгүй
Өнөөдөр нүдэн дээр өөр эрийг энхрий янаг тэвэрч
Өөдөөс хараад үл таних дүр эсгэвч
Цагаан зээр шиг нутаггүй сэтгэл нь цамцнаасаа тод харагдсан
Яагаад гэх түмэн асуулт зүрх дэлсэхэд
Яахав дээ хайр ийм л байдаг гэж харцаараа чи хэлсэн
Янхан биш дээ эр бүрийн энгрийг түших хүсэл хаанаас төрөө вэ гэхэд
Яахав дээ сэтгэл дүүрэхгүй юм гэж цааш эргэхдээ чи хэлсэн
Маргааш л чи мананд төөрсөн юм шиг хэн нэгнийг хайна даа
Магадгүй дараа нь цээжээ дарж үзээд хов хоосонг мэдрэнэ.
2011.02.04

Я.Баяраад...

Ягаан царайдаа улаа бутаргаж
Явуугийн цэцэрлэгээр халамцуухан алхаж яваа анд минь
Янжуурын утаанаас илүүтэй хордмоор энэ хотын
Юунд нь тэгтлээ бухимдаж яаруу сандруу алхана вэ
Бүргэд мэт харц чинь соронзон мэт санагдаж
Бүх зүйл ер бусын гэж шивнэх сүнслэг чанарт чинь автах цагт
Цээжний галаа чулуу шиг шидэж
Цэнхэр тэнгрийн мандлаас нарыг цаламдах хүсэл бадрана.
2011.01.30

С.Начинд ...

Санаашралын цэнхэр манан
Бодол дундуур нүүх зуур
Салхины хүчийг илбэдэн
Нам гүмийг үүсгэх
Саруул гэгээн хүсэл
Нүдээ ирмэх зуур биежиж
Сар нарны ширхэг тоолон
Мөнгөн бэлзэг урлах
Сайн уу? Гэж танил нь таарч мэндлэхэд
Сайн, тамхи байна уу? Гэж нэхэх
Солиормоор өөрийнхөөрөө зан зөвхөн чинийх
2011.01.30

***

Өнө хол оршигч үүлэн шувууд
Өнгө гоёмсог өдөө сэгсрэв
Сая жилийн тэртээх ширэнгэн ойн навчис
Салхинд алгадуулан бутарч буув
Орчлон ийм тунгалагхан билүү
Өнө хол оршигч үүлэн шувуудын өдөн дунд суугаад
Өвсөөр чамдаа захидал бичмээр санагдана.
....................................................................................

Харц эсгэж цас будрана
Хаан эрийн энэлэн анир тэвчин газардана
Хар үс буурал болтол будрана
Хорвоо бид хоёр өтөлж байх шиг бодогдоно.

***

Ширүүн аадрын түрүүч
Газар бөмбөрдөн ороход
Шаагих тэрхүү чимээ нь
Цуурай болон дэгдээд
Шанлал үгүй тэнгэрийн гүнд
Солонго болон тогтвой
2010.03.22

УРУУЛ ДАВААГҮЙ ҮГ

Шавь Баасандалайдаа

Уг нь би аавтай хүн
Уйлж очоод аргадуулах эцэгтэй хүн
Уулын чинээ нөмөрт нь
Уужирч омогших охин үр нь
ургамал цэцэг нь хүртэл ижилгүй ургадаггүй орчлонсон
Униар будан нь хүртэл уулсаа нөмөрлөдөг дэлхийсэн
\ухаан бодолдоо танийгаа л бодож ганцаарддагийг минь
Үнэндээ та мэддэг гэж үү ааваа
Газар дээр хэнээс ч биш
Ганцхан таниасаа л сонсохыг хүсдэг
Галтай дотно үгийг тань хүлээсээр
Гадагшаа биш ч дотогшоо мэгшиж явааг минь
Та мэддэг гэж үү аав аа
Үндсээр баян хорвоосон
Үрээ таньддаггүй эцэг гэж баймааргүйсэн
Үүлээрээ гоёдог тэнгэрсэн
Үрээсээ зугтдаг эцэг гэж баймааргүй...
Дэлгээтэй үүдээр ороод ирэх болов уу? Гэхдээ
Дээлээ ч тайлалгүй харуулддаг байсныг минь
Дандаа л намайг хайрлах болно гэж
Далд санаандаа итгэж явсаныг минь
Та мэддэг гэж үү аав аа
Арван найман хаврын яргуй дэлбээлэхэд
Аав минь та надруу ирсэнгүй
Арван найман намрын навчис гандахад
Аав минь та үр минь гэж дуудсангүй
Аав аа би таныхаа гологдож мартагдсан үр
Аав аа би таныхаа голомтыг сахих охин үр.
2010.05.10

СОНГОДОГ УРЛАН

Цээл нэгэн дуу нүдгүй талд бараагүй уянгалахад
Цээжний нугад цэцэг амьлан уярлыг олоод
Цэнхэр туузтай охин ижийгээ угтан гүйхийг үзэх шиг
Дууг би дурлан дурлан сонсном
Гэвч хэний ч хоолойноос олж сонсоогүй атал
Нүдэнд өртөх юм бүгдээс эгшиглэн
Намайг догдлуулдаг нэгэн дуу байнам
Тэр нь Миний Эх орон, Эх нутаг минь л юм
Сүүмийх гэгээгүй шөнийн харанхуйд
Сүүн үгээр суврага бүрэлдэн тогтох агшинг мэдрээд
Гүн харанхуй тийш бодол минь даянчлан одох шиг
Шүлэг найргийг би шимтэн шимтэн уншнам
Гэвч хэний ч оюун сэрхүйгээс төрөө нь үгүй атлаа
Гэрийн минь унь тооно
Гадна бүрээс дэрвүүлэх салхинаас хүртэл сонсогдож
Намайг догдлуулдаг нэгэн дуу байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
Эцгийг минь тэвэрсэн эх нутаг
Эзэнгүй юм шиг санагдахад
Эсгий гэрээ ачаалсан Монгол минь
Эрүүл газар хайн нүүдэллэх шиг
Эгшиг аялгууг би энэлэн энэлэн чагнанам
Гэвч хэний ч гараар тоглогдоогүй атлаа
Эргийг ус нь элбэхэд
Эс бүхнээрээ мэдэрч баясдаг нэгэн хөгжим байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
Болор дусалд бийрээ дүрэхэд
Бороон дуслаас тэнгэр үүсдэгийг анзаарч
Бадарчлах хүсэл минь харц дагуулан алхах шиг
Бийрээр амилсан урланг ахин дахин ажнам
Гэвч хэний ч туурьваагүй бүтээл атлаа
Нүдгүй хүний ч нүдэнд үзэгдэх
Нэгэн зураг байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
2011.01.13

ЗАХИАС

Халуун янаглал минь
Хэлбэрийг чинь эвдэх цагаар
Хайрт минь би чинийхээ хэвлийг дэрлээд
Хүү минь аав нь энд байна гэж шивнэнэ
Бүрэлдэн буй үр минь чи тэр үед
Байгаль дэлхийдээ улам бүр тэмүүлж
Байж ядсан өвдөлтийг эжий тань анх мэдрэнэ
Хүү минь хөдөллөө гэж
Халуун хэвлээ алгаараа дарж баясана
...Гэрэл гэгээт эхийн царай хоромхон зуур хувирч
Газрын сорвийг харцаараа хөвөрдөх мэт гуниглангуй
Дотогшоо шивнэнэ
Хүү минь
Хүн болсон хойноо л
Халуун биенийхээ үргэлжлэл
Хөрс шороогоо л хөндөж болохгүй
Хавирган цаана минь одоо чи багтаж байгаа ч
Хөрөх биеэ хожим чи энд өлгийднө
Нүднээс дусаагүй дэлхийн нулимсанд
Нүцгэн бие чинь хорсох вий гэхээс айж байна гэж аргадна.


2011.01.30

Sunday, January 23, 2011

Сахиус

Хүрдэн хадны хүүшлэн буусан сүүдэрт
Хялгана өвс жиндээд бүлээн уруул үгүйлэх
Хулдын уулсын сунаж унасан сүүдэр зүсэж
Хэдэн гөрөөс цахилаад бүрэнхийд уусах
Хэтэрхий ганцаардмал тэр л хадны нулимсыг
Хэлгүй горхи арчин уйлж урсахыг
Хэн над шиг ойлгож өрөвдөх юм бол
Оргилыг нь илээд үүл нүүхэд
Өр зүрхний хөндүүр элэгдэх
Өмнө нь ногоорох арцыг харахад
Үс шиг минь ургаж буй нь анзаарагдах
Өнө холыг боджээ алхахад
Өнгөгүй хөрс нь аялгуу шиг эгшиглэж буй нь сонсогдох
Өвгөдийн минь сүнс хувилан шингээд
Өрөөлийг харуулдах хүлээх
Ижий сэтгэлтэй эх хад минь
Эх орны минь баруун хязгаарт буй.
2011.01.13

Толь

...Миний суудаг ширээний харалдаах хананд нэгэн толь байдаг байлаа. Энэ толь чиний сэтгэл шиг тунгалаг бас миний ганцаардал шиг чимээ анир үл гаргана. Олон янзын хүмүүс олон дахин харах бүрийд, үл тоох унтрашгүй уйтай харцаараа ширтсээр л...
Би заримдаа энэ толь мэт гунигтай болчихдог юм. Намайг хэнч тоохгүй, гагцхүү өөрсдийнхөө гадна төрхийг гоё байна уу? Гэж асуух адил харж, үс зүсээ янзлах хүмүүс яг л тэр байдлаараа надтай харьцахыг хүснэ. Тэднийг хананд өлгөөтэй тэрхүү тунгалаг шилнээс илүүтэй гоё ганган үгээр магтаж сайшаавал төдий чинээ надруу дөхөн ирцгээнэ. Тийм болохоор л толь мэт чимээгүй өнө мөнхөд ганцаардахыг хүснэ. Өөрийнхөө гадна биш дотоод төрхийг өглөө бүр энэ тольноос уншихыг хүснэ. Тэр бүхэнд цээжинд шархирах шанлал уйтгар надаас үнэртэнэ. Заримдаа би дотоод сэтгэл минь уйлж байгааг мэдэрдэг байлаа. Шалтгааныг нь олох гэж шөнжин бодно. Ангийн буланд уйтгар гэрэлтүүлэгч толь адил хамт олон дундаа хичнээн их ганцаардана вэ? Сэтгэл зүрх минь...

Saturday, January 8, 2011

***

Хүмүүс минь андууд минь
Хэрэглээ гэдэг орлогоосоо даваад
Хэзээ л нэг
Хангалуун амьдрах юм бол бид

Хүмүүс минь нөхөд минь
Хүсэл шунал гэгч хэмжээнээсээ хэтийдээд
Хэзээ л нэг
Хүн шиг амьдрах юм бол бид

Хүмүүс минь бүсгүйчүүд минь
Ховордсон ан шиг эрчүүүд нь цөөрсөн энэ цагт
Хэзээ л нэг
Хоёрдогч байхаа больж бардам алхах юм бол

Хүмүүс минь эрчүүд минь
Хэт олширсон үнэгүй хайрын уриханд орохоо байж
Хэзээ л нэг
Хиргүй тунгалаг аж төрөх юм бол

Хүмүүс минь хүмүүс минь
Хууль нь худалд идэгдсэн энэ нийгэмд
Хэзээ л нэг
Хүүгээ өлгийдөх шиг жаргалыг мэдрэх юм бол бид

2011.01.05

Нарангэрэл

Бодол болсон нүдний чинь
Чимэг болсон сормуусан дээр цас унавал
Сэтгэлд минь л хайлна даа Нарангэрэл минь

Бийр аргамжсан уруулын чинь
Горьдлого төрүүлсэн хээн дээр жавар буувал
Зүрх минь жиндэнэ дээ Нарангэрэл минь

Бүрэнхийд тодрох дүрийг чинь
Бүгд л санана даа Нарангэрэл минь

Биегүй хоосон биегүй амьд шүлгийг чинь харин
Бүгд биш ч бид л уншина даа Нарангэрэл минь


2010.12.24

Monday, January 3, 2011

Уучил даа бүсгүй минь уучил ...

Уучил даа бүсгүй минь уучил
Урсгал усан загасандаа гомддоггүй шиг
Учирсан хайртдаа туниж чаддаггүй харц шиг
Уучил бүсгүй минь намайг уучил
Ууршсан ус, борооо болон газартаа л буудаг шиг
Унаган хүлэг эзнээ орхин хулждаггүй шиг
Удам залгах үрээ ялтан байсанч хайрлах ижий сэтгэл шиг
Уучил бүсгүй минь намайг уучил

2010.07.17

Гоёлгүй сэтгэлийн горхи...

Гоёлгүй сэтгэлийн горхи
Амгай шаргих чимээнээр
Амаргаан би үгүйлж сэрэв
Асгарсан гэзгэнийх нь ормон дээр
Алгаараа дарахад сэтгэл сэмрэнэ
Алга байна даа гэж бодохын зуур
Аньсага давах нулимс эзэнгүй бөмбөрнө
Хайр гэгч нь ямархан аялгуу болоод
Холдохын төдийд эргэж гүйтэл эгшиглэнэ вэ?
Өнөөдөр уйтайхан
Өнгөгүй бодлууд өрөө дүүрэн
Өнцөг үүсгэж чамайг зураглана
Нээлттэй цонхоор сэвэлзэгч салхин
Нэрээр чинь шивнэх шиг дотно санагдана
Хайр гэгч нь ямархан гэгээн уянга болоод
Харцаар асгартал ундарна вэ?
Чамайг эзгүйд үдэш нь хүртэл уйтай
Урсгал усан дээр сар туссаныг ажихад
Уртаа хар гэзгээ дэрлээд унтаж буй чинь үзэгдэнэ
Уулсын оройн будан ажиж суухад
Урд булгийн тэртээд адуу үүрсэх нь
Улаахан уруулын чинь амт шиг л санагдана
Хайр гэгч нь ямархан гэгээн бороо болоод
Хэнз цэцэгс дэлгэртэл шиврэнэ вэ?
Чимээгүй халгих сэтгэлийн их мөрөн минь
Чиний л зүг гол болон урсдаг
Ус нь татарсан сайр жалгыг ундаалах мэт
Элгийг минь эмзэглүүлж урсдаг
Гадаад байгальд ган болж гол ус татарсаар л байвч
Гоёлгүй сэтгэлийн горхи минь чамруу урссаар урссаар л байх болно.

2010.10.11

нэргүй шүлэгүүд...

Голын урсгалд чулуу хөдлөх нь
Гархин ээмэг чихнээс чинь мултрах шиг чимээтэй
Гарцны тэртээд адуу тургилах нь
Гарцаагүй хан нэгэн аавын минь эзгүйд ирээд буцах шиг уйтай
....................................................................................

Сартай шөнө оддын гэгээ чулуунд халтирч
Салхинд бөхөлзөх өвс хөлийн минь улыг гижигдэнэм
Саахалтын зайд идээшлэх морьд од харавхад бөртийтөл тэнгэр ширтэн үүрсэж
Саргих горхины дэргэд суухад бүсгүй тэр минь л бодогдоном
....................................................................................

“Ээж” энэ үгийг
Хэзээ хэлж байгаагүй юм шиг
Эсвэл хаа нэгтээ
Хэсэгхэн газар нуучихсан
Яг л бодол шигээ
Хүмүүс ээж гэж ярихад би дургүй
Дургүй болохоороо дурладаг
Хэлэх дургүй энэ л үгэндээ
Хэтэрхий их хайртай. би
.....................................................................

Гуравдугаар сарын бороо...

Гуравдугаар сарын бороо
Гуниг үргээж орно
Гуниг нь үгүй залуу насны минь
Гутал юуг норгож орно
Анхны хайрын шивнээ шиг
Аяар зөөлөн зүсэрч орно
Алаг тарлан цасан дээрээс
Амрагийн нулимс шиг дусалж орно
Гуравдугаар сарын бороонд
Гандуу гундуу өвс инээнэ
Гуравдугаар сарын бороонд
Гандсан дээлнээсээ салах мэт хүмүүс баясана
Гуравдугаар сарын бороо
Айлын жаал болжморыг харж өрөвдөх
Болжмох айлын жаалын бүлээн мөрөн дээр сууж дулаацах
Хавар эртийн бороо
Гуравдугаар сарын бороо
Гуниг үргээж орно
Гуниг нь үгүй залуу насны минь
Гутал юуг норгож орно
2010.03.18

...

Далайн усыг наран үнсэж жаргах улбар туяат үдэш
Далиараа харцыг минь эсгэж шувууд нисэлдэх нь юутай гайхамшиг
Уурссан араатан мэт давалгаа гэнэтхэн босож хөхөлбөр манан татахуй
Усны дурлалыг уншин уд мод мэт чимээгүй зогсном би
Тэрний минь нүд шиг тэнгисийн усан гүндээ гунигтай
Тэнд сэлэн буй загаснаас эрх чөлөөг олж үзнэм би
Харанхуй нөмрөх тусам хань татаж далай дэргэд минь ганцаарднам
Харихгүй удах тусам хайрт минь гэртээ шанлаж
Харин би далайд улам бүр татагднам
Яасан уйдамхай вэ хүмүүн гэгч
Ялимгүй гунигт саран аль хэдийнээ манджээ
Бүхийл хүсэл сэтгэлээ лаа шиг асаагаад
Бүдэг гэрлийн нь дор чимээ анирдан суунам
Хөөсрөн ирэх давалгаа
Хөлийг минь хулдаад буцнам
Хөөрхий ижийгээ хичнээн их санана вэ?
2009.11.01

Голын эрэг дээр төрсөн бодол...

Голын эрэг дээр төрсөн бодол
Эргийн элс усаа дагаж урсана
Эцгийн бодол мэт ус их хол урсана
Элгэн хөх тэнгэр өнгөн дээр нь урсана
Эхийн санаа мэт үргэлж хамт урсана
Садран эвлэж урсана
Сүүндээ цадсан үр шиг тоглож урсана
Ус их ширүүн хүрхэрч урсана
Уур хилэн номхорч үлдэнэ
Ус их тогтуухан урсана
Уртын дуу тал минь бодогдоно
Садран эвлэж урсана
Сэтгэлийн задрал мэт тарж урсана
Долгилон давалгаалж түрж урсана
Дотогшоо залигсан нулимс амтагдана
Эргээ долоож цамнаж урсана
Ижийн минь бүүвэйн дуу сонсогдоно
Эргийн элс усаа дагаж урсана
Эцгийн бодол мэт ус их хол урсана
Элгэн хөх тэнгэр өнгөн дээр нь урсана
Эхийн санаа мэт үргэлж хамт урсана.

2009.06.01

нэргүй шүлэгүүд...

Ай хүсэл бүдрэм чиний харцанд
Хун шувуу мэт хөвөх юм бүхэн минийх
Миний бүхэн чинийх
2009.10.21

*** *** ***
....................................................................................
Зүгээр дээ
Шөнө дөлөөр үүдийг минь тогш
Зүрхний минь хаалга чамайг хүлээгээд
Үргэлж нээлттэй байдаг юм
Итгэхгүй дээ чи
Эдлэнд минь нэвтрэх түлхүүрийг
Эртэд чиний харцанд
Сэтгэл минь бэлгэлчихсэн.
....................................................................................

Хараад л баймаар
Харахгүй удах тусам
Сэтгэлийн нүднээ тодрох
Хачин этгээд
Хайр шиг өнгөгүй
Харцат минь
Харцыг чинь би
Хүн мэт хайрланам.
....................................................................................

Хэзээ би...

Хэзээ би
Хаан мэт гүн бодолгоширч
Хадган дээр шүлэг бичих вэ?
Хэзээ би
Хатан ижий мэт сэтгэлээ чилээн
Хүмүүний төлөө шаналах вэ?
Хэзээ би
Хөх галын дөлөнд эрхийгээ эсгэж
Хайр ийм агуу гэж тунхаглах вэ?
Хэзээ би
Хөвөн үүл мэт хүссэн хэлбэртээ хувилж
Хурмаст огторгуй мэт амар амгалан болох вэ?
Хэзээ би хэзээ би...
2010.04.14

Сэтгэлийн урсгал

Чимээгүй халгих сэтгэлийн их мөрөн минь
Чиний л зүг гол болон урсдаг
Чимэг гоёл үгүй тунгалаг усан итгэлийн гол минь
Чиний минь уруул даваагүй үгс шиг нууцахан ундардаг
Аргамж үгүй он цаг бидэн хоёрын дундуур зогсолтгүй нүүвч
Амрагхайрыг минь арчиж ер чадахгүй
Ариг цагаан салхин алчуур юуг чинь гандтал салхилавч
Асан дүрэлзэгч хайрыг бөхөөж ер чадахгүй
Сэтгэлийн минь байгальд дуслан дуслах бороо нь
Сувдан нулимстай чинь өнгө хэлбэр зохицонгүй
Сэтгэлийн минь байгаль дундуур урсан урсах гол нь
Сэрэглэн алаг нүднээс чинь ундрах үггүй хайрын түрлэгтэй
Гадаад байгальд ган болж гол ус татарсаар л байвч
Гоёлгүй сэтгэлийн горхи минь чамруу урссаар, урссаар л байх болно.
2010.03.