Sunday, March 6, 2011

Харуул уул


Хаан хүний харц шиг чимээгүй уул
Халил байцаас нь бүргэд жигүүрээ дэлгэхэд
Хадаг шиг цэнхэр тэнгэртээ л халин дүүл гэж өндөлзөх
Хайрга шаргиулан бэлээс нь янгир босож цаашилхад
Хад асгандаа л үлд гэж чулуугаа нурааж эргүүлэх
Хялгана өвс хилийн дээс гатлахад
Хальсан баатрын сүнс хэмээн харамлаж салхиар буцааж татах
Хөвчилсөн нумны зэв шиг саран
Ханьгүй талд ижилгүй ёлтойход
Ижий шиг нь энэлэн хамт ганцаардах
Хаан хүний харц шиг чимээгүй харуул уул
Сүүдэр гэрлийн халуун цэг болж
Согтуу зэрэглээн дунд өдөржин зогсно
Тэрлэг дээлтэй гүрний минь эхлэл уул
Тэрслүү харь нутгийн төгсгөл уул
Ижий минь хөх шиг элэг дотно уул
Эцгийн минь эмээл шиг ижилгүй ойр уул
Монголоо л хамгаалж элэгдэнэ
Мөлхөж цааш хилийн багныг түлхэнэ
Цаазгүй эзэд нь хөрс шороог нь худалдахад
Цөмөрч дотогшоо эмтрэх минь яав гэж
Цөөн дусал нулимс унагахад
Цөн түрэх гол ус татрана
Гэвч монгол минь бүтэн байг гэж
Мөрөө элэгдтэл тэнгэр үүрч зогсоно
            Харуул уул халуун амь уул
            Эх орны минь эхлэл уул.
                        11.03.06

No comments:

Post a Comment