Monday, February 7, 2011

СОНГОДОГ УРЛАН

Цээл нэгэн дуу нүдгүй талд бараагүй уянгалахад
Цээжний нугад цэцэг амьлан уярлыг олоод
Цэнхэр туузтай охин ижийгээ угтан гүйхийг үзэх шиг
Дууг би дурлан дурлан сонсном
Гэвч хэний ч хоолойноос олж сонсоогүй атал
Нүдэнд өртөх юм бүгдээс эгшиглэн
Намайг догдлуулдаг нэгэн дуу байнам
Тэр нь Миний Эх орон, Эх нутаг минь л юм
Сүүмийх гэгээгүй шөнийн харанхуйд
Сүүн үгээр суврага бүрэлдэн тогтох агшинг мэдрээд
Гүн харанхуй тийш бодол минь даянчлан одох шиг
Шүлэг найргийг би шимтэн шимтэн уншнам
Гэвч хэний ч оюун сэрхүйгээс төрөө нь үгүй атлаа
Гэрийн минь унь тооно
Гадна бүрээс дэрвүүлэх салхинаас хүртэл сонсогдож
Намайг догдлуулдаг нэгэн дуу байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
Эцгийг минь тэвэрсэн эх нутаг
Эзэнгүй юм шиг санагдахад
Эсгий гэрээ ачаалсан Монгол минь
Эрүүл газар хайн нүүдэллэх шиг
Эгшиг аялгууг би энэлэн энэлэн чагнанам
Гэвч хэний ч гараар тоглогдоогүй атлаа
Эргийг ус нь элбэхэд
Эс бүхнээрээ мэдэрч баясдаг нэгэн хөгжим байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
Болор дусалд бийрээ дүрэхэд
Бороон дуслаас тэнгэр үүсдэгийг анзаарч
Бадарчлах хүсэл минь харц дагуулан алхах шиг
Бийрээр амилсан урланг ахин дахин ажнам
Гэвч хэний ч туурьваагүй бүтээл атлаа
Нүдгүй хүний ч нүдэнд үзэгдэх
Нэгэн зураг байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
2011.01.13

No comments:

Post a Comment