Monday, February 7, 2011

***

Өчигдөрхөн л уруулыг минь өмчилж байсан бүсгүй
Өнөөдөр нүдэн дээр өөр эрийг энхрий янаг тэвэрч
Өөдөөс хараад үл таних дүр эсгэвч
Цагаан зээр шиг нутаггүй сэтгэл нь цамцнаасаа тод харагдсан
Яагаад гэх түмэн асуулт зүрх дэлсэхэд
Яахав дээ хайр ийм л байдаг гэж харцаараа чи хэлсэн
Янхан биш дээ эр бүрийн энгрийг түших хүсэл хаанаас төрөө вэ гэхэд
Яахав дээ сэтгэл дүүрэхгүй юм гэж цааш эргэхдээ чи хэлсэн
Маргааш л чи мананд төөрсөн юм шиг хэн нэгнийг хайна даа
Магадгүй дараа нь цээжээ дарж үзээд хов хоосонг мэдрэнэ.
2011.02.04

Я.Баяраад...

Ягаан царайдаа улаа бутаргаж
Явуугийн цэцэрлэгээр халамцуухан алхаж яваа анд минь
Янжуурын утаанаас илүүтэй хордмоор энэ хотын
Юунд нь тэгтлээ бухимдаж яаруу сандруу алхана вэ
Бүргэд мэт харц чинь соронзон мэт санагдаж
Бүх зүйл ер бусын гэж шивнэх сүнслэг чанарт чинь автах цагт
Цээжний галаа чулуу шиг шидэж
Цэнхэр тэнгрийн мандлаас нарыг цаламдах хүсэл бадрана.
2011.01.30

С.Начинд ...

Санаашралын цэнхэр манан
Бодол дундуур нүүх зуур
Салхины хүчийг илбэдэн
Нам гүмийг үүсгэх
Саруул гэгээн хүсэл
Нүдээ ирмэх зуур биежиж
Сар нарны ширхэг тоолон
Мөнгөн бэлзэг урлах
Сайн уу? Гэж танил нь таарч мэндлэхэд
Сайн, тамхи байна уу? Гэж нэхэх
Солиормоор өөрийнхөөрөө зан зөвхөн чинийх
2011.01.30

***

Өнө хол оршигч үүлэн шувууд
Өнгө гоёмсог өдөө сэгсрэв
Сая жилийн тэртээх ширэнгэн ойн навчис
Салхинд алгадуулан бутарч буув
Орчлон ийм тунгалагхан билүү
Өнө хол оршигч үүлэн шувуудын өдөн дунд суугаад
Өвсөөр чамдаа захидал бичмээр санагдана.
....................................................................................

Харц эсгэж цас будрана
Хаан эрийн энэлэн анир тэвчин газардана
Хар үс буурал болтол будрана
Хорвоо бид хоёр өтөлж байх шиг бодогдоно.

***

Ширүүн аадрын түрүүч
Газар бөмбөрдөн ороход
Шаагих тэрхүү чимээ нь
Цуурай болон дэгдээд
Шанлал үгүй тэнгэрийн гүнд
Солонго болон тогтвой
2010.03.22

УРУУЛ ДАВААГҮЙ ҮГ

Шавь Баасандалайдаа

Уг нь би аавтай хүн
Уйлж очоод аргадуулах эцэгтэй хүн
Уулын чинээ нөмөрт нь
Уужирч омогших охин үр нь
ургамал цэцэг нь хүртэл ижилгүй ургадаггүй орчлонсон
Униар будан нь хүртэл уулсаа нөмөрлөдөг дэлхийсэн
\ухаан бодолдоо танийгаа л бодож ганцаарддагийг минь
Үнэндээ та мэддэг гэж үү ааваа
Газар дээр хэнээс ч биш
Ганцхан таниасаа л сонсохыг хүсдэг
Галтай дотно үгийг тань хүлээсээр
Гадагшаа биш ч дотогшоо мэгшиж явааг минь
Та мэддэг гэж үү аав аа
Үндсээр баян хорвоосон
Үрээ таньддаггүй эцэг гэж баймааргүйсэн
Үүлээрээ гоёдог тэнгэрсэн
Үрээсээ зугтдаг эцэг гэж баймааргүй...
Дэлгээтэй үүдээр ороод ирэх болов уу? Гэхдээ
Дээлээ ч тайлалгүй харуулддаг байсныг минь
Дандаа л намайг хайрлах болно гэж
Далд санаандаа итгэж явсаныг минь
Та мэддэг гэж үү аав аа
Арван найман хаврын яргуй дэлбээлэхэд
Аав минь та надруу ирсэнгүй
Арван найман намрын навчис гандахад
Аав минь та үр минь гэж дуудсангүй
Аав аа би таныхаа гологдож мартагдсан үр
Аав аа би таныхаа голомтыг сахих охин үр.
2010.05.10

СОНГОДОГ УРЛАН

Цээл нэгэн дуу нүдгүй талд бараагүй уянгалахад
Цээжний нугад цэцэг амьлан уярлыг олоод
Цэнхэр туузтай охин ижийгээ угтан гүйхийг үзэх шиг
Дууг би дурлан дурлан сонсном
Гэвч хэний ч хоолойноос олж сонсоогүй атал
Нүдэнд өртөх юм бүгдээс эгшиглэн
Намайг догдлуулдаг нэгэн дуу байнам
Тэр нь Миний Эх орон, Эх нутаг минь л юм
Сүүмийх гэгээгүй шөнийн харанхуйд
Сүүн үгээр суврага бүрэлдэн тогтох агшинг мэдрээд
Гүн харанхуй тийш бодол минь даянчлан одох шиг
Шүлэг найргийг би шимтэн шимтэн уншнам
Гэвч хэний ч оюун сэрхүйгээс төрөө нь үгүй атлаа
Гэрийн минь унь тооно
Гадна бүрээс дэрвүүлэх салхинаас хүртэл сонсогдож
Намайг догдлуулдаг нэгэн дуу байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
Эцгийг минь тэвэрсэн эх нутаг
Эзэнгүй юм шиг санагдахад
Эсгий гэрээ ачаалсан Монгол минь
Эрүүл газар хайн нүүдэллэх шиг
Эгшиг аялгууг би энэлэн энэлэн чагнанам
Гэвч хэний ч гараар тоглогдоогүй атлаа
Эргийг ус нь элбэхэд
Эс бүхнээрээ мэдэрч баясдаг нэгэн хөгжим байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
Болор дусалд бийрээ дүрэхэд
Бороон дуслаас тэнгэр үүсдэгийг анзаарч
Бадарчлах хүсэл минь харц дагуулан алхах шиг
Бийрээр амилсан урланг ахин дахин ажнам
Гэвч хэний ч туурьваагүй бүтээл атлаа
Нүдгүй хүний ч нүдэнд үзэгдэх
Нэгэн зураг байнам
Тэр нь миний Эх орон Эх нутаг минь л юм
2011.01.13

ЗАХИАС

Халуун янаглал минь
Хэлбэрийг чинь эвдэх цагаар
Хайрт минь би чинийхээ хэвлийг дэрлээд
Хүү минь аав нь энд байна гэж шивнэнэ
Бүрэлдэн буй үр минь чи тэр үед
Байгаль дэлхийдээ улам бүр тэмүүлж
Байж ядсан өвдөлтийг эжий тань анх мэдрэнэ
Хүү минь хөдөллөө гэж
Халуун хэвлээ алгаараа дарж баясана
...Гэрэл гэгээт эхийн царай хоромхон зуур хувирч
Газрын сорвийг харцаараа хөвөрдөх мэт гуниглангуй
Дотогшоо шивнэнэ
Хүү минь
Хүн болсон хойноо л
Халуун биенийхээ үргэлжлэл
Хөрс шороогоо л хөндөж болохгүй
Хавирган цаана минь одоо чи багтаж байгаа ч
Хөрөх биеэ хожим чи энд өлгийднө
Нүднээс дусаагүй дэлхийн нулимсанд
Нүцгэн бие чинь хорсох вий гэхээс айж байна гэж аргадна.


2011.01.30