Monday, December 20, 2010

Өөрөөрөө гоёдог Эх орон

Малгайн уур адил манан дээшлэх өглөө
Мандах нарны өлмийд дуншиж цэцэгс ургана
Монгол бичгийн адил бороо шиврэх үдэш
Моддын мөчир дагаж навчсын нулимс урсана
Судар мэт ийм л сайхан нутагтаа
Шувуудын жиргээнд уярч удаан амьдарна аа би
Хөхний толгой адил хүрэл шовх оргилыг
Хүү нь ижийгээ хөхөх мэт будан үлгэж хононо
Хэцэн дээр суусан болжмор хэлээрээ хөгжимдөөд
Хэвлээрээ унасан манан боргон дээгүүр нүүдэллэнэ
Урлан мэт ийм л сайхан нутагтаа
Уусан нялхарч удаан амьдарна аа би
Норж нэвтэрсэн өвсийг алгандаа өргөхөд
Нойтон агаар үнэртэн тэнгэр цэлмээд
Нарнаас сүрэглэн буух алтан цацрагууд
Номын хуудаснаа шингэж тарни болно
Уншиж ханамгүй ийм л сайхан нутгийнхаа
Утганд шимтэн удаан амьдарна аа би
Гоёмсог тэргүүнээ өндөрт өргөн голын тэртээгээс буга хатирхад
Гандуу дээлтэй өвгөн хуурч шиг салхи үе үехэн сэвэлзээд
Говийн зэрэглээнээс алдуурсан хулан гал зүсээ хувилан ирж
Ганц цагаан гэрийн минь гоёлын даашинз шиг нутгийг үнэрлэн зогсоод хүлэг болно
Өөрөөрөө гоёдог Эх орныхоо
Өлгийг задлан нойрстолоо удаан амьдарна аа би

Намар орой

Уурганы үзүүрээр салхи мэтгэн
Уртын дуугаар зэрэглээ урлахад
Уярсан талын аниргүйгээс
Уянга яруу хуур эгшиглэн
Сүүдэр хүүшлэх нүцгэн уулсын
Сүрдэм агаад эрэмгий төрхийг
Сүүлчийн тогоруудын буцах дуунаар
Сүүлчийн бороо мэт хяруу дарна
Зах хязгааргүй говийн
Зэрлэг ургамал шиг гайхам өнгийг
Зэлэлсэн шувууд арчин өнгөрөхөд
Зэсэн нарыг бүрхэж үүлс нүүнэм
Намар орой.

***

Сувдан борооны дуслыг алгандаа тосоход
Сул бодол дунд өвс бөхөлзөөд намар болно
Салхигүй үдэш цас будрахыг ажихад
Сэтгэлд гэгээ тунарч хацар жиндээд өвөл болно
Гөлөглөх моддын дор ганцаар суухад
Гомдол туучин нүүдлийн шувууд ирээд хавар болно
Гайхам сайхан өглөө цэцэг үнэрлэн сэрэхэд
Ганцаардал үргээж нүүдлийн шувууд ирээд зун болно
Сэмэрсэн бодол шиг зэрэглээт талд янзага тоглоход
Санаа цагаан ардын нөмөрсөн дээл шиг миний эх оронд
Шаргалхан навчис салхинаас үл хамааран газардаад шүлэг болно

Бороотой өдрүүдийн таталбар

Бороо шиврээ л
Олон цагаар зүсэрч шиврээд л
Болор болор дуслууд
Биеийг минь илбээ л
Хувцас хүндэрээ л
Манан өтгөрч нүүгээ л
Морны уяан дээр болжмор бөөвийн суугаа л
Бороо үе үехэн шиврээ л
Бугын хөлд нойтон борог зүсэгдээ л
Буурал анчин мэт уулс
Будан дундаас өндөлзөөд л
Бүтэн өдөржин бороо шиврээ л
Бор талаар усан хөшиг татаа л
Нартай бороо шиврээ л
Нутаг минь өлгийтэй хүүхэд шиг үзэгдээ л
Өвсөн дээр гишгэмээргүй санагдаа л
Өдөр бүхэн бороо ороо л
Цэцэгс нялхараа л
Өөрийг минь бороо адил
Эх газартаа нэвчин шингэхийн цагт
Өвс улам өндөр ургаж
Орчлон цэл залуухан болно доо