Monday, January 3, 2011

Гоёлгүй сэтгэлийн горхи...

Гоёлгүй сэтгэлийн горхи
Амгай шаргих чимээнээр
Амаргаан би үгүйлж сэрэв
Асгарсан гэзгэнийх нь ормон дээр
Алгаараа дарахад сэтгэл сэмрэнэ
Алга байна даа гэж бодохын зуур
Аньсага давах нулимс эзэнгүй бөмбөрнө
Хайр гэгч нь ямархан аялгуу болоод
Холдохын төдийд эргэж гүйтэл эгшиглэнэ вэ?
Өнөөдөр уйтайхан
Өнгөгүй бодлууд өрөө дүүрэн
Өнцөг үүсгэж чамайг зураглана
Нээлттэй цонхоор сэвэлзэгч салхин
Нэрээр чинь шивнэх шиг дотно санагдана
Хайр гэгч нь ямархан гэгээн уянга болоод
Харцаар асгартал ундарна вэ?
Чамайг эзгүйд үдэш нь хүртэл уйтай
Урсгал усан дээр сар туссаныг ажихад
Уртаа хар гэзгээ дэрлээд унтаж буй чинь үзэгдэнэ
Уулсын оройн будан ажиж суухад
Урд булгийн тэртээд адуу үүрсэх нь
Улаахан уруулын чинь амт шиг л санагдана
Хайр гэгч нь ямархан гэгээн бороо болоод
Хэнз цэцэгс дэлгэртэл шиврэнэ вэ?
Чимээгүй халгих сэтгэлийн их мөрөн минь
Чиний л зүг гол болон урсдаг
Ус нь татарсан сайр жалгыг ундаалах мэт
Элгийг минь эмзэглүүлж урсдаг
Гадаад байгальд ган болж гол ус татарсаар л байвч
Гоёлгүй сэтгэлийн горхи минь чамруу урссаар урссаар л байх болно.

2010.10.11

No comments:

Post a Comment